"Алтан бөмбөрцөг"-ийн эзэд тодорлоо

1944 оны нэгдүгээр сард Лос Анжелес дахь жижигхэн студид (одоогийн XX зуун Фоксын байр) кино урлагийн шилдгүүдээ шалгаруулж асан “Алтан бөмбөрцөг” наадам энэ жил 68 дахь удаагийн хөшгөө Беверли Хиллсийн “Беверли Хилтон” тансаг зочид буудалд нээв. Улаан хивсний ёслол, халамцуу одод, сэтгэл нь хөөрсөн шагналын эздийн хэлсэн үг... Домогт Роберт Де Ниро Сецил.Б деМиллегийн шагнал гардаж, давхар биетэй “хар хун” алтан бөмбөрцөг тэвэрч, Майкл Рассел Холливуудын Гадаад хэвлэл, мэдээллийн холбоог шүүхэд өгснийг эс тооцвол 68 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” элдэв шуугиан багатай эхэлж, уран бүтээлчид эв хамтын ёсоор шагналаа тэнцүү хувааж авснаар өндөрлөлөө. Оскарын өнгийг тодорхойлдог дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн гол өрсөлдөөн Даррен Арановскийн “Хар хун” (Black Swan), Дэвид Финчерийн “Нийгмийн сүлжээ” (The Social Network), Том Хүүперийн “Хааны илтгэл” (The Kings Speech) киноны хооронд өрнөсөн. (Оскарт ч бас энэ бүрэлдэхүүн “дайтах” болов уу).

Давхар биетэй “хун”-гийн давхар ялалт

Төгс төгөлдөр, эрхэмсэг, тансаг урлаг балетийн ертөнцийн хөшгийг нээж, алдар нэрд хүрэх зам, уналт ямар хүчтэй байдгийг харуулсан Даррен Ароновскийн хар хун Натали Портман “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэв. Тэр энэ шагналд гурвантаа нэр дэвшиж, хоёр дахь удаагаа гардаж байгаа бөгөөд гурван сартай жирэмсэн түүнийг сүйт залуу Бенжамин Миллепид нь дагалдсан байв. Венецийн кино наадмын нээлт болсон сэтгэл зүйн триллер “Хар хун” кино “Алтан бөмбөрцөг”-өөс өөр шагнал түүж чадсангүй. Түүнчлэн VI Жорж хааны дүрээрээ жүжигчин Колин Фирт шилдэг эрэгтэй жүжигчин болсныг эс тооцвол долоон төрөлд нэр дэвшсэн “Хааны илтгэл” кино “Хар хун”-гийн “амжилт”-ыг давтав. “Time” сэтгүүлийн оны хүн Марк Зукербергийн амьдралаас сэдэвлэсэн “Нийгмийн сүлжээ” киноны баг “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эх зохиол”, “Шилдэг хөгжмийн найруулга” гэсэн дөрвөн гол шагналыг хаман Оскарын өмнөх томоохон сюрприз барилаа. Марк Валбергийн “Тулаанч” (The Fighter) киноны жүжигчин Кристиан Бэйл, Мэлисса Лео нар шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал гардснаар “Алтан бөмбөрцөг”-ийн гол хүлээлтүүд тодорхой болсон юм.

Бусад төрлийн шилдгүүдийг сонирхуулъя.

Шилдэг мюзикл болон инээдмийн кино- The Kids are all right

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин- Аннтте Бэнин The Kids are all right

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин- Паул Гиаматти “Барнэйн хувилбар”

Гадаад хэл дээрх шилдэг кино – “Hжvnen(Дани)

Шилдэг хүүхэлдэйн кино- “Тоглоомын түүх -3”

Киноны шилдэг дуу- Диане Уоррен “You Haven't Seen the Last of Me(Burlesque)

Glee” цуврал гурван шагнал хүртэв

“Оскар”-аас ялгаатай нь “Алтан бөмбөрцөг” наадам телевизийн цуврал киноны шилдгүүдийг шалгаруулдаг гэдгийг та мэдэх байх. Энэ төрлийн ихэнх шагналыг “Фокс” телевизийн “Glee” цуврал хүртсэн бөгөөд шилдэг мюзикл цуврал, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон. HBO телевизийн “Boardwalk Empire шилдэг эрэгтэй жүжигчин, цуврал гэх хоёр шагнал хүртсэн бол "The Big Bang Theory", "The Big C", "Sons of Anarchy", "Carlos" бүтээлүүд тус бүр нэг шагналтай гэртээ харьцгаав.

“Алтан бөмбөрцөг” арын хаалгатай юу

Нэгдүгээр сарын 13-ны пүрэв гаригийн өглөө Холливуудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч Пилип Беркд очсон захидлын нууц “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр олон нийтэд ил болов. Тус байгууллагад ажиллаж байгаад халагдсан Майкл Рассел ХГХМХ-г шагналын эздийг хуудуутай тодруулдаг, кино студиудээс мөнгө авдаг ба нэвтрүүлгийн эрх, хүндэтгэлийн суудал зэргийг мөнгөөр борлуулдаг гэх үндэслэлээр шүүхэд өгч, хоёр сая доллар нэхэмжилж буй аж. Шүүх ажиллагаа одоогоор болоогүй байгаа ч шагналын эзэд олны таавраас хол зөрөөгүй болохоор асуудал үүсэхгүй байх гэж барууны хэвлэлүүд үзэж байна.

Армани vs Версаче

“Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсэн дээрх “тулаан”-ы ялагчаар Анжелина Жоли болон Анне Хатавей нар тодорсон гэж загварын мэргэжилтнүүд санал нэгдэв. Энэ үдэш Жоли Версачийн урласан хуучны загвартай, номин өнгийн даашинз сонгосон бол Анне Арманигийн хүрэн өнгийн гялалздаг даашинзаар гоёжээ. Харин жүжигчин Тильда Свинтоны өмссөн даашинз загварын мэргэжилтнүүдийн хувьд нүд хальтрам үзэгдэл байсан бөгөөд “үзэгчдийн нүдийг шийтгэсэн хувцаслалт” гэх нэр өгчээ.




start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)