"Алтан бөмбөрцөг"-ийн эзэд тодорлоо

2011 оны 01-р сарын 17 Нийтэлсэн Teky

1944 оны нэгдүгээр сард Лос Анжелес дахь жижигхэн студид (одоогийн XX зуун Фоксын байр) кино урлагийн шилдгүүдээ шалгаруулж асан “Алтан бөмбөрцөг” наадам энэ жил 68 дахь удаагийн хөшгөө Беверли Хиллсийн “Беверли Хилтон” тансаг зочид буудалд нээв. Улаан хивсний ёслол, халамцуу одод, сэтгэл нь хөөрсөн шагналын эздийн хэлсэн үг... Домогт Роберт Де Ниро Сецил.Б деМиллегийн шагнал гардаж, давхар биетэй “хар хун” алтан бөмбөрцөг тэвэрч, Майкл Рассел Холливуудын Гадаад хэвлэл, мэдээллийн холбоог шүүхэд өгснийг эс тооцвол 68 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” элдэв шуугиан багатай эхэлж, уран бүтээлчид эв хамтын ёсоор шагналаа тэнцүү хувааж авснаар өндөрлөлөө. Оскарын өнгийг тодорхойлдог дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмын нэг “Алтан бөмбөрцөг”-ийн гол өрсөлдөөн Даррен Арановскийн “Хар хун” (Black Swan), Дэвид Финчерийн “Нийгмийн сүлжээ” (The Social Network), Том Хүүперийн “Хааны илтгэл” (The Kings Speech) киноны хооронд өрнөсөн. (Оскарт ч бас энэ бүрэлдэхүүн “дайтах” болов уу).

Давхар биетэй “хун”-гийн давхар ялалт

Төгс төгөлдөр, эрхэмсэг, тансаг урлаг балетийн ертөнцийн хөшгийг нээж, алдар нэрд хүрэх зам, уналт ямар хүчтэй байдгийг харуулсан Даррен Ароновскийн хар хун Натали Портман “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэв. Тэр энэ шагналд гурвантаа нэр дэвшиж, хоёр дахь удаагаа гардаж байгаа бөгөөд гурван сартай жирэмсэн түүнийг сүйт залуу Бенжамин Миллепид нь дагалдсан байв. Венецийн кино наадмын нээлт болсон сэтгэл зүйн триллер “Хар хун” кино “Алтан бөмбөрцөг”-өөс өөр шагнал түүж чадсангүй. Түүнчлэн VI Жорж хааны дүрээрээ жүжигчин Колин Фирт шилдэг эрэгтэй жүжигчин болсныг эс тооцвол долоон төрөлд нэр дэвшсэн “Хааны илтгэл” кино “Хар хун”-гийн “амжилт”-ыг давтав. “Time” сэтгүүлийн оны хүн Марк Зукербергийн амьдралаас сэдэвлэсэн “Нийгмийн сүлжээ” киноны баг “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эх зохиол”, “Шилдэг хөгжмийн найруулга” гэсэн дөрвөн гол шагналыг хаман Оскарын өмнөх томоохон сюрприз барилаа. Марк Валбергийн “Тулаанч” (The Fighter) киноны жүжигчин Кристиан Бэйл, Мэлисса Лео нар шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагнал гардснаар “Алтан бөмбөрцөг”-ийн гол хүлээлтүүд тодорхой болсон юм.

Бусад төрлийн шилдгүүдийг сонирхуулъя.

Шилдэг мюзикл болон инээдмийн кино- The Kids are all right

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин- Аннтте Бэнин The Kids are all right

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин- Паул Гиаматти “Барнэйн хувилбар”

Гадаад хэл дээрх шилдэг кино – “Hжvnen(Дани)

Шилдэг хүүхэлдэйн кино- “Тоглоомын түүх -3”

Киноны шилдэг дуу- Диане Уоррен “You Haven't Seen the Last of Me(Burlesque)

Glee” цуврал гурван шагнал хүртэв

“Оскар”-аас ялгаатай нь “Алтан бөмбөрцөг” наадам телевизийн цуврал киноны шилдгүүдийг шалгаруулдаг гэдгийг та мэдэх байх. Энэ төрлийн ихэнх шагналыг “Фокс” телевизийн “Glee” цуврал хүртсэн бөгөөд шилдэг мюзикл цуврал, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон. HBO телевизийн “Boardwalk Empire шилдэг эрэгтэй жүжигчин, цуврал гэх хоёр шагнал хүртсэн бол "The Big Bang Theory", "The Big C", "Sons of Anarchy", "Carlos" бүтээлүүд тус бүр нэг шагналтай гэртээ харьцгаав.

“Алтан бөмбөрцөг” арын хаалгатай юу

Нэгдүгээр сарын 13-ны пүрэв гаригийн өглөө Холливуудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч Пилип Беркд очсон захидлын нууц “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр олон нийтэд ил болов. Тус байгууллагад ажиллаж байгаад халагдсан Майкл Рассел ХГХМХ-г шагналын эздийг хуудуутай тодруулдаг, кино студиудээс мөнгө авдаг ба нэвтрүүлгийн эрх, хүндэтгэлийн суудал зэргийг мөнгөөр борлуулдаг гэх үндэслэлээр шүүхэд өгч, хоёр сая доллар нэхэмжилж буй аж. Шүүх ажиллагаа одоогоор болоогүй байгаа ч шагналын эзэд олны таавраас хол зөрөөгүй болохоор асуудал үүсэхгүй байх гэж барууны хэвлэлүүд үзэж байна.

Армани vs Версаче

“Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсэн дээрх “тулаан”-ы ялагчаар Анжелина Жоли болон Анне Хатавей нар тодорсон гэж загварын мэргэжилтнүүд санал нэгдэв. Энэ үдэш Жоли Версачийн урласан хуучны загвартай, номин өнгийн даашинз сонгосон бол Анне Арманигийн хүрэн өнгийн гялалздаг даашинзаар гоёжээ. Харин жүжигчин Тильда Свинтоны өмссөн даашинз загварын мэргэжилтнүүдийн хувьд нүд хальтрам үзэгдэл байсан бөгөөд “үзэгчдийн нүдийг шийтгэсэн хувцаслалт” гэх нэр өгчээ.




Нүцгэн

2011 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Teky

Далайн түвшнээс дээш 115 метрийн өндөрт Швейцарын Алетсчийн мөсөн гол дээр зогсоо нүв нүцгэн “нөхдүүд”-ийг хараад таньд ямар мэдрэмж төрж байгааг таах гээд үзэх үү. Ммм..., НҮЦГЭН гэдэг үг нэлээдгүй хүнийг ичээдэг гэдгийг мэднэ л дээ. Хачин, “солиотой”, нууц гэдэг ямар нэг сэжмээр холбоотой(Библид бас нэг хачин, эвгүйгээр тодорхойлсон байсан).

“Санаа”

Нүцгэн хүний зураг харж “таашаал” авдаг нөхдүүдийг “гаж донтон” гэсэн бүлэгт хамруулан ойлгодог хүмүүсийн нэг та мөн бол үнэнээ хэлье, би ч бас “тийм”. Гэхдээ яаран дүнгэлт хийхээс тань өмнө бас нэг үнэнээ өчье, энэ бүхэн Спенсер Туникийн санаа л даа. Дээрх “эвгүй нөхдүүд” бол хүн танаас болж байгаль сүйрч байна шүү гэдгийг дохиолж буй түүний “санаа”-нууд. Дулаарлын эсрэг гэрэл зургийн кампанит ажил эхлүүлснийх нь нэг хэсэг болох энэ бүтээл “хүн гуай та байгаль дээр нүцгэн ирсэн шиг ээ нүцгэн л буцах болно шүү” гэдгийг сануулах зорилготой. Зөвхөн энэ мессежийг таньд өгөх гэж сүүлийн 150 жилийн дотор урсгалынхаа 2/3-ыг алдсан Алетсчийн туниа муутай мөсөн голын хүйтэн цасан дээр 600 хүн зогсож байгаа нь энэ. Гэвч үүгээр зогссонгүй. Францын Бургундийн усан үзмийн талбайд ахиад л 713 этгээд нүцгэлэв. Учир нь дэлхийн дулаарал Францын дарсны үйлдвэрлэлд аюул учруулж байна. Саяхан бас бүсэлхийнээс доош хэсгээ бус нүүрээ навчаар халхалсан 3000 гаруй “Адам”, “Ева” Сурвейн ойд зогсож байсан. Амстердамд 2000, Барселонад 7000, Каракасын Саймон Боливарт 1557, Веннийн Ернст Хаппел цэнгэлдэхэд 2008 хүн... Өнгөрсөн гуравдугаар сард алдарт Сиднейн дуурийн театрийн өмнө Лэди Гага тэргүүтэй 5200 хүн сайн дураараа “санаа” болж зогссон (мөн л нүцгэн). Нүцгэн биенд дуртай Спенсер Туник гэгч нөхөр...

1988 онд Эмерсоны коллежийг урлаг судлалын баклавр зэрэгтэйгээр төгсөөд ажлын талбар дээр гарахдаа тэр ямар ажил хийж, юугаараа зоос олох тухай бодохын оронд нүцгэн зураг дарахыг л мөрөөддөг байж. Ганц, нэгийн зэргээр ч тогтохгүй, ертөнцийн бүх хүнийг нүцгэлчихмээр адын хүсэл л оргилох (өөрийнх нь хэлснээр) болсон нь тэр аж. Гэхдээ бидний бодож байгаа шиг гаж дон хэлбэрээр бус, дөнгөж төгссөн оюутан гэхэд түүний бодол дэндүү философилог байж. Анх 1994 онд АНУ-ын хил дээр асар зоригтой 57 нүцгэлэгчийн зураг авсан нь Америкийн “дэлхийн дээр зөвхөн бид” гэх үзлийг эсэргүүцсэн агуулгатай байв. Мэдээж, өөдөөс нь чулуу шидэхэд инээгээд зогсдог хэн байх вэ. Эхэндээ түүнийг ёстой л гаж донтон гэх нүдээр бүгд харцгааж. Гэвч юм үзэж нүд тайлсан Дублин, Буфалло, Монтреал, Сантиаго, Венн, Мехикод байдал тийм ч муу байсангүй. Илт дэмжихгүй юм аа гэхэд энэ чинь юу вэ гэж анхаарал хандуулах болов. 1997 онд Лайметонд цугласан нүсэр бүрэлдэхүүн, зураг авалт, уран бүтээл ёстой бут авсаан. Энэ чинь одоо хэн бэ?

XX зууны сүүлчээс гуч гаруй жилийн өмнө Нью-Йоркийн Миддлетаунд манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчдын нэг Спенсер Туникийн нялх дүр мэндэлжээ. Яг л өөрийнх нь уран бүтээлийн санаа шигээр нүв нүцгэн шүү (Нээрээ хүн бүр нүцгэн мэндэлдэг билүү). Өсвөр насандаа Лондон руу нүүж, Дульвичид суурьших зуураа Аллейнд анхан шатны боловсрол эзэмшсэн. Удалгүй бидний хэдийнэ мэдэх болсон сургуулийг төгсөж, хэдийн танил болсон замналаа эхлүүлсэн.

Урлаг цуглуулагч

Түүний өмнө нүцгэлэхээр Мехикогийн Заколад 18000 “санаа” цугласан нь Туникийн тогтоосон дээд амжилт байв. Нүцгэлэх юу нь сайхан байдаг юм бол??? (Яагаад ч юм Кристина Агилерагийн “Beautiful дуу санаанд орж байх чинь)

“Хүн яг л эхээс төрснөөрөө амь, амьсгал, судсаар нь гүйх цусыг юу ч халхлаагүйгээр урлаг бүтээх нь хамгаас гайхалтай... Урлаг хаа ч тааралдаж болно, амьдралын нэг хоромыг хэрхэн өнгөрүүлж байгаа нь ч өөрөө урлаг мөн. Тиймээс л би урлаг цуглуулж яваа юм...” гэж нэг удаа хэлсэн байна билээ. “Би зураг авахуулагч хүнээс урлаг авч, хариуд нь урлаг өгдөг” ... “Юу гээч Туник, би өөрийгөө ямар олон хог новшийн дор хөглөрүүлж орхисноо нүцгэн байхдаа л мэдэрлээ” гэж хэн нэгэн түүнд хэлж л дээ. Үнэний ортой байгаа биз. Түүний тооцоогоор хагас сая гаруй хүн Спенсерийн өмнө “хог новшноосоо салжээ”.

“Чингис хаанаас их нүцгэн хүн харсан гэж үү”

The White hot” сэтгүүлийн редактор Жое Хеапс Нелсон, Спенсер Туниктай 2009 оны гуравдугаар сарын өглөө 19-ны өглөө “Челсиа” рестораны даруухан ширээнээ ийн хүүрнэжээ.

-Спенсер, чамайг дэлхийн хамгийн олон нүцгэн хүн харсан хүн гэж нэрлэж болох уу?

-Чингис хаанаас их гэж үү?

-Та олон хүний нүцгэн биеийг амьдад нь харсан гэдгээрээ түүнээс өөр л дөө.

-Би маш олон нүцгэн бие харсан, бараг хагас сая дөхөх байх шүү. Гэхдээ XX зуунаас хойш л доо. (инээв)

-Би таныг анх Нью-Йоркийн гудамжинд 20 нүцгэн хүний зураг авч байхад харж байсан санагдана. Тэр үед та одоогийнх шигээ нэрд гараагүй байсан л даа. Гэхдээ санаанаас минь одоо ч гардаггүй нь галт тэрэгний буудлын сигналаас зүүгдсэн бүсгүйн зураг...

-Тийм ээ, тэгэхэд би энэ ажлаа дөнгөж эхэлж байсан. Энэ яг зөв газар гээд XIV гудамжны энэ газрыг сонгочихоод өглөө бүр нар мандахаас, шингэх хүртэл нь өнцөгөө олох гэж хичээж билээ. Нью-Йоркийн нэг азтай өглөө л би зөв цагтаа, зөв зургаа авсан гэж боддог шүү.

-Би энэ газрыг мэдэх юм байна. Нью-Йоркийнхон их уйдамтгай улс. Та нэг л сэдвээр дагнадаг хэрнээ яаж өөрийгөө ч тэр, бусдыг ч тэр уйдаахгүй байж чаддаг юм бэ?

-Эллсуорт Келли, Нанси Рубинс, Барнет Ньюмэн, Ротко.

-Ингээд л болоо юу.

-Тийм ээ.

-Анхны зургийн аппаратаа одоо санадаг уу?

-Техникийн хөгжил биднийг салгасан ч гэлээ би хамгийн анхны “Пентакс 76”-гаа одоо ч санадаг. Тэр үед “Катскилл Маунтайн” зочид буудалд зураг авдаг байснаа яагаад ч юм уйтгартай санагдаж эхлэхээр нь аппаратаа үүрээд зүгээр гадуур л явж эхэлсэн.

-Хэзээ бид танаас хувцастай хүмүүсийн зураг хүлээж болох бол?

-Ммм, сонин асуулт байна. Яагаад гэвэл хариултыг нь би өөрөө ч мэдэхгүй. Одоогоор би эхнэртэйгээ хамт нэг ном гаргахаар ажиллаж байгаа. Сүүлийн 10 жилд нэг ч ном гаргаагүй учраас илүү хариуцлагатай хандаж байгаа л даа. Мэдээж, энэ номонд нэг ч бие халхлах зүйлс байхгүй. (инээв)

Багтай ба баггүй. Багтай бол сайн, баггүй бол муу. Биш ээ, эсрэгээрээ ч билүү. Бид чинь үнэнээ яасан ч олон юмны цаана нуудаг юм бэ дээ. Нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна гэдэг л хамгийн энгийн гаргалгаа байх. Бүр нүв нүцгэн шүү.

Ж.Тэгшжаргал

Амьтан тэжээхээ больё

2010 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Teky

Өвөөгийндөө өвөлжөөд, зун нь гэртээ ирсэн зургаан настай надад гэрийнхэн маань варений шилтэй найман загас бэлэглээд, удахгүй аквариум авч өгөх тухай амлахад ямар сэтгэл хөдлөл үзүүлэхээ би мэдээгүй. Үзүүллээ гэхэд яав ч олигтой нүүрний хувирал гаргахгүй байснаа л тодорхой санадаг юм. Тэр өдөртөө, усанд явах зуураа би тэднийг Дондогдуламын рашаанд юүлж орхисон. Ээж минь намайг амьтан хайрлаж мэдэхгүй хэрцгий хүн гарах нь дээ гэсэн харцаар “шагнах” тэр үед рашааны хүйтэн усанд өнөөх загаснууд тэсэж үлдээ болов уу гэсэн бодол зурсхийж байсан. Амьтан хайрлах хайр хамгийн хүчтэй илэрсэн үе минь тэр байж дээ гэж одоо ч бодогддог. Удалгүй “Баавгай” нас барсны дараа манайх нохой тэжээх оролдлого дахиж хийгээгүй. Тэр цагаас л хойш би хүнээс бусад амьтантай төдийлөн ойртож, дотносоогүй юм даг. Гэхдээ үүрнийх нь гадаа элсэн чихэр асгахад идэхээс урьтан үүр рүүгээ зөөх шоргоолж, зөвхөн зурагтаар л “уулзсан”, чулуунд дурлагч оцон шувууг харахад төрдөг гайхалтай мэдрэмж арилчихаагүй гэж найддаг.

4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүсэж, анхны амьд биет бүрэлдсэн гэдэг эрдэмтдийн тооцоо үнэн бол геологийн цагаар авч үзвэл хоног дуусахаас ганцхан хоромын өмнө хүн ухамсартай болсон гэнэ лээ. Яг энэ хормоос л эхлэн хүчтэй нь хүчгүйгээ гэх дээрэлхүү үзэл дээд цэгтээ хүрсэн болов уу гэж би таамагладаг. Үүнээс өмнө амьдрахын төлөө тэмцэл өрнөж, амьтад нэгнийгээ найз биш хоол гэсэн нүдээр харах явдал байгаагүй гэж гүжирдэхгүй л дээ. Гэхдээ чоно, баавгайн толгой яаж ч “эргэсэн” туулай тэжээх тэнэг бодол орж ирэхгүй гэдэгт итгэдэг. Бодоод байх нь ээ, бидний амьтан хайрлах хайр нэг л өөр, гаж юм шиг. Логикийн хувьд ямар ч утга авцалдаагүй гэж нэрлэсэн ч зохих юм уу.

Нохойд хайртай хүн хэзээ ч хөөрхий гөлгийг эхийнх нь халуун өврөөс салгаж, хашаандаа гинжилж орхихгүй. Уяатай нохой өөрөө яаж ч тэмцээд хоол олж чадахаасаа өнгөрсөн тохиолдолд эзэндээ бялдуучилж, яс горьдон мурилзах “өрөвдөлтэй үзүүлбэр”-ийг харж таашаал авдаг этгээдүүд амьтанд хайртай гэж ярихаар яав ч үнэмшилгүй сонсогдоно. Өөрийгөө амьтанд хайртай гэж боддог танилынхаа гэрийн шилэн хоргон дахь загасыг харахаар өрөвдөх сэтгэлээс өөр хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Тэр хорго нь шоронгийн зэврүүн өрөө шиг санагдаж, доторх хоёр хенли нь цаазын ялаа хүлээж суугаа хоригдлоос ч өрөвдөлтэй харагддаг. Ингэж таашаал авдаг “маньяак”-уудыг би өөрсдийг нь загас болгоод хоргонд хорьж байгаагаар төсөөлөх “дуртай”.

Хэрвээ бидний туулай, усан гахай, нохой, муур тэжээх нь амьтан хайрлах хайрын шинж тэмдэг мөн юм бол үнэхээр “эгдүү” нь хүрээд хүн хазаад авсан чоныг ч өөртэйгээ адилтган өршөөн соёрхох сэтгэлийг хүн төрөлхтнөөс нэхэх хэрэгтэй. Хүн чоно алвал аз хийморийн бэлгэдэл болж, чоно хүн барих аваас жигшүүртэй үзэгдэлд тооцдог “эрэмдэг” маягийн хайр байж болох уу.

Би, бас та амьтны ангилалын хамгийн дээр “Оюун ухаант хүн” гэх “шошго”-той залардаг. Гэтэл “Нохой бол хүний сайн нөхөр, харин хүн нохойны сайн нөхөр мөн үү” гэх эргэлзээтэй асуулт бидний сүрхий нэр хүндийг ганхахад хүргэдэг юм. Гэхдээ буруу биш. Би л хувьдаа “Хүнийг таньснаас хойш амьтанд хайртай болов оо, би” гэж хэлж зүрхэлсэн Гётетой санал нэгддэг.

Төсөөлье л дөө. Баавгай маш сайхан сэтгэлтэй. Тэр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтанд жигтэйхэн хайртай учраас ойн гүн дэх үүрэндээ хамт амьдарч, хүнийг тэжээхээр шийдэж. Тэр хүнийг гинжилж, дөнгөлж чадахгүй ч хэтэрхий хайртайдаа үүрнээсээ оргуулахгүй байх арга сэднэ. “Гоё” сонсогдож байна уу. Та баавгайгаар хайрлуулах гээд оролдоод үзэж чадах уу. Ямар ч тэнэг хүн байлаа ийм сонголтонд тулвал, утсан чинээ амиа хоохойлон зугтаана. Үнэн ээ хэлье би ч тэдний нэг.

Гэхдээ ийм “тэнэг” сонголтыг өөртөө тулгаж, ухаан бодлоо өмхийрүүлчихгүйн тулд амьтан хайрлах хайраа эргээд нэг ухаалгаар харъя гэж уриалах хүсэлтэй байна л даа. Та бодоод үз дээ. Амьтан, хүн ялгаагүй хэчнээн сая, тэрбум жилийн өмнө уснаас гарч, дэлхийн агаарт зохицох чадварынхаа ачаар хөхтөн амьтны өвөг болсон тэр өчүүхэн эд эсийн л үргэлжлэл. Ялгаа нь бид хэлтэй, хэрэндээ таарсан оюун ухаантай. Гэхдээ энийг би давуу тал болгон өргөж, амьтны амийг санаан зоргоор эд бад хийлгэн, “янаглан хорлох” үндэслэл болж чадахгүй гэдгийг хэнбугайн ч өмнө хэлж чадна.

Жил бүр, зөвхөн шинжлэх ухааны туршилтад хамрагдсан 2.8 сая амьтны талаас илүү хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн аймшигт баримтыг олж үзээгүй эс бөгөөс ойшоогоогүйдээ та одоо ч өөрийгөө өмөөрч суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ганцхан жилд 732 сая гэрийн тэжээмэл амьтан зохисгүй асаргааны улмаас үхэж, 10 тэрбум 280 сая амьтан зөвхөн америкчуудын хоолны ширээнд залардаг гэдэг аймшигт тоо баримтыг сонсоод хүн л юм бол та хэртхийнэ. Бодоод үз л дээ, ганцхан америкт л ийм байгаа юм чинь дэлхий нийтээр тооцож үзвэл... ээ бүү үзэгд.

Би цагаан хоолтон биш л дээ. Хүй нэгдлээс хойш уламжилж ирсэн махчин араншингаа дийлж чадаагүйн харгайгаар хонь үхрийн мах зулгаахгүй л бол хоёр ч хонож дийлэхгүй жирийн Монгол хүний нэг. Гэхдээ “нэг амь нөгөө амиар хооллоно” гэх байгалийн хуулийг зөрчиж дийлэхгүйгээ мэддэг учраас өөрийгөө өмөөрч дөнгөдөг юм. Хүн анх ухамсартай болсон 150 мянган жилийн тэртээгээс хойш хэчнээн амьтан зооглосныг тооцоход бидний зохиосон ямар ч ухаалаг тоон систем хүрэлцэхгүй нь лавтай. Хэрвээ энэ хязгааргүй тоон үзүүлэлт таньд хангаллтай санагдсан бол ядаж амьтан тэжээнэ энэ тэр гэж тэнэглэхээ больё, тэгэх үү.

Дэлхий дээр амьд амьтан бий болсон цагаас хойш хүн, жоом хоёрын тоо толгой л зогсолтгүй өсөж байгаа гэсэн мэдээ бий. Хүн амьдралынхаа турш 40 тонн махан хүнс хэрэглэдэг гээд бодохоор л дотор хачин болдог юм. Гэтэл эсрэгээрээ зөвхөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж сээр нуруутны багийн 20 хувь, далайн тэнгисийн амьтны 50 хувь нь ор мөргүй устаж, арга яс нь л үлдсэн байх жишээтэй. Нэг бөхтэй тэмээ, хулсны баавгай, тахь... мөхлийн ирмэгт тулаад байгаа амьтны төрөл зүйлийн тоо ч дуусахгүй. Гэтэл оюун ухаант хүн төрөлхтөн бид “2050 он гэхэд дэлхий дээрх амьтны төрөл зүйлийн 25 хувь нь устаж үгүй болох нь ээ” гэж тооцоолохоос өөрөөр гийж, гийгүүлсэн юм алга.

Би амьтны хүрээлэн үзэх дургүй. Аз болж манайд тийм юм байхгүй нь над шиг “солиотнуудад” ашигтай. Торонд байгаа матар, горилл, баавгай урьд насандаа ямар үйл хийснийхээ төлөөсөнд хүний өмнө амьдаараа хатах ялаа “эдэлж” суугааг харж баясах тэвчээр надад заяагаагүй. Харин хашаанд минь байдаг шоргоолжны амьдралд хэт их орооцолдохгүй, мөр мөрөөрөө эвтэй амьдрахыг би илүүд үздэг. Усны эсвэл тэнгэрийн амьдрал надад зохихгүй гэдгийг мэдэх учраас газартаа, төрсөн гэртээ амьдрах шиг жаргал надад байхгүй. Үүний адил загас усандаа, туулай бутандаа, тоть ширэнгэдээ л амьдрах нь тэдэнд заяасан эрх чөлөө, аз жаргал. Хэрвээ та туулайд үнэхээр хайртай л юм бол бутанд нь буцаагаад тавьчих. Ийм зэргийн хайр танаас гарч чадахгүй бол та амьтан хайрлагч биш.

Нохой гудамжинд даарч байснаас манай гэрт хоолтой ундтай, дулаан хэвтэрт байг л дээ гэж та бодож байна уу. Уул талаар гэр хийж амьдрах ёстой энэ амьтныг ер нь хэн суурин газарт авчирсан юм бэ?

Өнөөдөр Үндсэн хуулийн төрсөн өдөр

2010 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Teky
Арваннэгдүгээр сарын 26. Нийтийн тооллын өмнөх 43 оны эл өдөр Гай Юлий Цезарь, Марк Энтони, Маркус Лепидус нар алдарт гурвалын бүлгээ байгуулж, 1778 оны энэ өдөр Ахмад Күүк Хавайн арлыг нээж, 1945 оны энэ өдөр буюу Дэлхийн II дайны үеэр Германы V-2 пуужин Английн 186 иргэнийг хөнөөн, 1998 оны энэ өдөр Тони Блэйр Английн анхны Ерөнхий сайдаар томилогдож байв. Гэвч эдний аль нь ч надад сонин биш.

Би Монгол хүн. Бичиглэснийг минь уншиж байгаа та ч бас Монголын эд, эс нь гэж найдъя. Азийн цээжин дэх Монгол Улс өнөөдөр улс тунхагласныхаа баярыг тэмдэглэж, сэтгэлийнхээ гинжин холбоогоор эх оронтойгоо холбогдож байгааг Иван, Жинг Ли, Жонн, Кимийн хэн ч мэдэхгүй суугаа. Мэдээд ч яалаа билээ, энэ зөвхөн бидний баяр.

Энэ өдрийг улс тунхагласны баяр мөн, биш хэмээн үзэх хүмүүс байдаг ч бид тусгаар улсын нэрийн хуудас болсон “Үндсэн хууль”-иа өлгийдөн авсан нь лав үнэн. Монголчууд эл өдрийг сүрхий даржин тэмдэглэдэгггүй ч бөх барилдуулж, ерөнхийлөгч маань баярын мэндчилгээг баяр ёслолын байдалтай сонордуулсаар 86 намрыг үджээ. Телевизүүд “Улс тунхагласны баярын мэнд хүргэе” нялуун үг баруун, зүүн талдаа бичиглэснийх нь цаана Солонгос савангийн дуурь явж л байна лээ. Тэр яахав, өнөөдөр Үндсэн хуулийн төрсөн өдөр.

Яагаад ч юм энэ өдөр яаж баярлахаа би бодоод олдоггүй юм. Бялуу хувааж, оргилуун дарс буудалахаар эвгүй ч юм шиг. Идээ засаж, ууц тавих нь ч бас хаашаа билээ. “Баасан ах”-ын төрсөн өдөртэй давхацлаа гэж хөгжин, диско клуб оролтой нь биш дээ. Зүгээр л баярлахыг түр хойш нь тавиад бодохыг хүслээ. Их хурлын эрхэм гишүүн “тавилттай” инээмсэглэл тодруулан, “Аугаа Чингисийн удам... Эрэлхэг Монголын сүр хүчин улам бадарч... Монголчууд бол аугаа хүмүүс... дэлхийд хаана ч байхгүй...” гэж яруу өнгөөр өгүүлж байна. Түүний үгнээс нэг тийм омогшил, оодорхол үнэртээд байсан. Чингис аугаа дайчин байсантай би маргахгүй. Тэртээх сарын 26-нд Үндсэн хуулиа батласныг ч буруушааж зүрхлэхгүй. Зүгээр л тэднийг Монголоо “эрүүл” нүдээр нэг хараасай гэж хүссэн юм. Чингисийн дайчид, Сүхбаатарын цэргүүд хөлс, цусаараа өнөөдрийн Монголыг улсын дайтай улс байхын үндэсгийн тавьсан. Ширхэг шороогоо ч бусдаас харамлах жинхэнэ эх оронч үйлээ бидний төлөө хийчихээд, газар дор Монголын баганыг тулан нойрсож байгаа. Гэвч тэдний өмнө гайхуулах юмгүй бид Монголын баганыг ганхуулж байгаа нь харамсалтай. Чингис хаан харийнханд эх орноо худалдаж, Сүхбаатар ч бас алт, зэс юу байгаагаа Хятадуудад бэлэглэж болох л байсан. Гэвч тэд тэгээгүй. Хэний төлөө, юуны тулд!!!

Габриэль Гарсиа Маркез

2010 оны 11-р сарын 13 Нийтэлсэн Teky

Мексикийн Калле Фюгогийн шатаам халуун нарнаас халхалсан зуны байшингийн цонхоор тамхины утаа баагихад уран зохиолд “донтогчид”, яг л хар тамхичин шиг хорхой нь хөдөлдөг. Тэвчээргүй нэг нь модон байшингийн хаалгыг тогших аваас Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг ца гаан даавуу хөлөглөн тэнгэрт аваач сан, тоорын модны дор суугаа 100 жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилж орхисон буржгар саарал үстэй, тамхичин өвгөний дүрийг харна. “Шидэт реализм”-ын эцэг болсон, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес гэдэг чинь энэ шүү дээ.

ГАДИЛТАЙ ИРСЭН “ГАБИТО”

Түүнийг мэндэлсэн жил буюу 1928 онд урьд хожид байгаагүй гадилын их ургац Аракатакагийнхан хураасан гэнэ билээ. Удаах жил нь гадилын компанийн ажилчдын бослогыг 3000 хүний цусаар дарахад Габито (Г.Г.Маркесийн хоч бөгөөд Бага Габриэль гэх утгатай) нэг нас хүрч байв. Учир ойлгох насандаа буурлуудаас дээрх түүхийг сонссон нь Бага Хосе Аркадио хүүр ачсан вагонд сэрээд, гэртээ мөлхөж харихад огт тийм зүйл болоогүйг Урсула хүртэл батласан учир битүүлэг үйл явдалд нь туссан байдгийг эрхэм уншигч та санаж байгаа нь лавтай.

ЦЭНХЭР МУУР ЮУ ЗӨГНӨВ

Миний л мэдэх дэлхийн хамгийн хачин суу ринд биднийг аваачиж, таны эчнээ мэдсэн тэр битүүлэг хүмүүстэй уулзуулж, үлгэр домгийн, гэхдээ бодит ертөнцтэй танилцуулсан Габриэль Гарсиа Маркест Макондо суурингийнхны сонирхолтой амьдрал 1982 онд Нобелийн шагнал бэлэглэсэн юм. Маркес энэ зохиолоо бичихийн тулд өдрийн зургаан хайрцаг тамхины нормтойгоор 20 хаврыг үдсэн гэнэ билээ. “Тэр нэг орой романаа дуусгаад сандлаасаа босон хаалгаа нээтэл өрөөнд цэнхэр муур орж ирлээ.

Энэ ном маань нэлээд хэдэн удаа хэвлэгдэх нь дээ гэж тэгэхэд бодогдсон юм” гэж хэлснийг нь Го.Аким гуайн орчуулсан “Зуун жилийн ганцаардал” номын хуудаснаас  Мексикийн Калле Фюгогийн шатаам халуун нарнаас халхалсан зуны байшингийн цонхоор тамхины утаа баагихад уран зохиолд “донтогчид”, яг л хар тамхичин шиг хорхой нь хөдөлдөг. Тэвчээргүй нэг нь модон байшингийн хаалгыг тогших аваас Макондо хотынхонд нойргүйдэх өвчин тусгаж, Ремедиосыг ца гаан даавуу хөлөглөн тэнгэрт аваач сан, тоорын модны дор суугаа 100 жил ганцаардах үйлтэй эцгийнхээ сүнс рүү тоомжиргүйхэн шээж орхидог хурандаа Аурелианог 18 алтан загастай нь булшилж орхисон буржгар саарал үстэй, тамхичин өвгөний дүрийг харна.

“Шидэт реализм”-ын эцэг болсон, Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес гэдэг чинь энэ шүү дээ. уншиж байсан санагдана. Хэдийгээр тэр цэнхэр муурны араас гараа нэл цэнхэр будаг болгочихсон хүүхдүүд орж ирсэн боловч зохиогчийн бэлгэшээн бодсон нь талаар болоогүйгээр үл барам дэлхийн 60 гаруй улсад орчуулагдан гарч, олон сая хувь хэвлэгдсэн билээ.

“НАЙМДУГААР САРД УУЛЗЪЯ

Бөөн гадилтай цуг дэлхийд ирсэн өдрөөс хойш Габито өдгөө 83 намрыг үджээ. 1952 онд бичсэн “Навчны шуурга” анхны романаасаа хойш “Зуун жилийн ганцаардал”, “Хурандаад хэн ч бичихгүй” (“Мартагдсан хурандаа” гэж орчуулсан нь бий), “Тахлын үеийн дурлал” тэргүүтэй олон тууж, роман туурвисан түүний 2004 онд “La Vanguardia” сэтгүүлийнхэнд задалсан нууц нь тухайн үедээ дэлхийн бүх хүнийг уран зохиолын номоос салгахын дайтай хүчтэй байв.

“Миний уйтгарт янхны дуртгал” (Memories of My Melancholy whores) номоо бичээд удаагүй байхдаа тэр “Би бичихээ зогсоохоор шийдлээ. Өнгөрсөн жил (2003) бол миний зохиол бичих гэж сэтгэлээ уудалсан сүүлийн жил байлаа” гэсэн юм. Тэр үүнээс хойш богино өгүүллэг ч бичиж байна гэж дуулдалгүй нам жим байсан. Харин өнөөдөр би түүний шинэхэн номын хавтсыг хараад сууж байх азтайдаа баярлаж байна.

Чухамхүү юу түүнийг уран зохиолтой дахин сүлбэлдэх шалтгаан болсон бэ гэсэн асуултын тэмдгийг дагуулсаар “Наймдугаар сард уулзъя” шинэхэн роман хэвлэгдэн гарчээ. Өнгөрөгч баасан гаригт Испани, Мексикт нээлтээ хийсэн энэхүү номыг бичихэд зохиолч зургаан жил зарцуулсан аж.

Г.Г.МАРКЕС:

РОМАН ТУУРВИХ ГЭДЭГ ТАВИЛГА БАЙРЛУУЛАХААС ТЭС ӨӨР

Габриэль Гарсиа Маркесийн “La Vanguardia” сэтгүүлд өгсөн ярилцлагыг нь товчлон хүргэе.

-Зуун жилийн ганцаардал. Үлгэр домгийн юм шиг хэрнээ үнэн түүхийг бичихдээ та юу гэж бодож байв? -Зохиолыг хааш нь ч эргүүлж болох галын шугаман дээр би цор ганцаараа зогсож байсан. Тэр үед социологич Аустин, Техас нар надтай уулзахдаа “Чи өөрийн гэсэн арга барилтай юу” гэж асууж байсан. Би тэдэнд “Надад ямар ч арга барил байхгүй. Харин би уншиж, судлахад бүхий л цагаа зарцуулсан” гэж хэлсэн. Үр дүн нь “Зуун жилийн ганцаардал”.

-Зохиолын баатрууд, тэдгээрт тохиолдож буй үйл явдлууд таны амьдралтай холбоотой гэж дуулсан юм байна?

-“Юнайтед фруйт” гадилын компанийн шаардлагаар цэргүүд төмөр замын өртөөн дээр цугласан ажил хаягчдыг бүсэлж байгаад пулемётоор шүршсэн тэр жил би мэндэлсэн. Энэ талаар хожим манай нутгаар үнэн, худал нь үл мэдэгдэх олон яриа байдгийг би зохиолдоо зориуд оруулсан. Миний намтрыг эчнээ мэдэх уншигчид Урсула, Аурелино Буэнда нарын эх дүр хэн байсныг мэдэх биз.

-Зарим шүүмжлэгчид таны зохиолыг ердөө л Латин Америк “домгийн цуглуулга” гэж нэрлэсэн байсан. Тэдэнд хариу барьж, юу хэлэх вэ?

-Кубад таарсан хэсэг шүүмжлэгч “Зуун жилийн ганцаардал” дэлхийн хэмжээний сод туурвил мөн хэдий ч олон домог хольж, шийдлийг нь ядмагхан гаргасан гэцгээж байлаа. Би тэдэнд юу гэж хэлсэн бэ гэвэл “Роман бол тавилга байрлуулахаас тэс өөр зүйл”.

-Таны зохиолуудаас ганцаард лын ул мөр нэвт үнэртэхээс гадна эгэл борчуудын амьдралын дүр зураг тод харагддаг.

-(Хэсэг дуугүй сууж бодолхийлэв). Энэ бол миний мэдэх орчин. Жинхэнэ амьдралын мөн чанар энд л байдаг юм.

-Олон хүн алдартнуудын амьдрал там байдаг гэж итгэдэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Чи буруу бодож байна. Кофе авахаар дэлгүүр орохдоо би уншигчидтайгаа бишгүй л таардаг. Тэд яагаад гэж ирээд л зохиолын өрнөл, хайртай баатрынхаа үхлийн учрыг надаас асуудаг. Тэдэнд асуух зориг байна гэдэг нь нэгийг хэлэх байлгүй. Маркес өвгөн байгаагаараа л байна.

-Та өөрийн зохиолуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?

-Хамгийн сүүлчийн зохиол л хамгийн шилдэг нь юм шиг санагддаг. Зохиолч өөрөө ч тэр, уншигч ч тэр ийм бодолтой байдаг. Харин миний хувьд “Зуун жилийн ганцаардал”-ын үндсийг тавьсан “Хурандаад хэн ч бичихгүй” зохиолдоо илүү хайртай. Бас намайг мартагдахаас аварч мэдэх “Дарангуйлагчийн намар”-аа овоо юм болсон гэж боддог шүү

ЯГ Л АУРЕЛИАНО ШИГ

Өвөө, эмээ хоёрынхоо гар дээр өссөн Габито алдаршихаасаа өмнө сонинд өгүүлэл бичиж, улс төрийн хэрэгт оролцох зэргээр эхнэр Мерседес болон Родриго, Ганзоло нарыгаа тэжээдэг байж. Өөрийнх нь хэлснээр найман настайдаа өвөөтэйгээ салах ёс хийснээс хойш түүний амьдралд онцын жигтэй үйл явдал тохиолдоогүй гэдэг. Гагцхүү эмээгээрээ элдвийн домог яриулж, хурандаа Аурелино Буэндиа багадаа мөсний хэлтэрхий үзэхээр аавтайгаа явж байх үед төрдөг тийм сэтгэгдэл шиг сайхан үе түүний амьдралын найман жилд тохиосон аж. Гэхдээ??? гээд өөр шиг нь гурван асуултын тэмдэг тавьчихъя.

19 нас хүрсэн эр өөрөөсөө зургаа дүү охиныг эхнэрээ болгохоор зориглосныг хожим сонссон хэн ч түүнийг хурандаа Аурелианотой зүйрлэх нь лав. Гэвч хурандаагаас өөр нь Маркес Мерседестэйгээ гэрлэж, хоёр сайхан хүүхдийн аав болж, одоо хэр нь Мексикийн тосгонд нам гүм амьдарч байна. 1958 онд Мерседестэйгээ гэрлэж, хоёр сайхан хүү төрүүлсэн нь телевизийн найруулагч Родриго Гарсиа, график дизайнер Ганзоло Гарсиа нар юм.

“Зуун жилийн ганцаардал”-аа бичиж дуусгаад гэр бүлийн хамт Испанийн Барселона хотод долоон жил амьдарсан. Тэр үедээ Кубын Ерөнхийлөгч Фидель Кастротой танилцаж, үй зайгүй найзууд болжээ. “Бидний нөхөрлөл бол оюунлиг. Тиймдээ ч бид улс төр рүү огт хазайхгүйгээр уран зохиолын тухай халуухан маргаан өрнүүлж чаддаг” хэмээн найзынхаа тухай ярьсан байдаг. Тэдний нөхөрлөлийн тухай хөрөг ном ч хэвлэгдсэн нь бий.

ТӨГСГӨЛД НЬ

Маркесийн шидэт реализмтай дэлхийн хүн төрөлхтөн шинээр учрах уу гэсэн асуултын тэмдэг шинэхэн номтой нь цуг тавигдаж байна. Гэхдээ яах юм бэ, бидний өмнөөс зуун жил ганцаардсан энэ эрхэм тааваараа амьдраг л дээ гэж өмөөрөхийн сацуу шунал гэгч зүйл хүн анх үүсэхэд л байсан гэдгийг мартаж боломгүй.

Магадгүй тэр Мелькиадес өвгөн шиг… “Миний романыг уншаад өөрийнхөөрөө ойлгож, баатруудыг нь өөрийнхөөрөө төсөөлж байгаасай.

Энэ бол зохиолч уншигчдын дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг” гэж тэр хэлж байсан. Жинхэнэ уран зохиолд намайг оруулж, олон шөнө нойргүй хонуулахын тулд зуун жилийн ганцаардлыг туулсан Габриэл Гарсиа Маркес танд баярлалаа.

Ж.Тэгшжаргал


Улсын хөгжил хэр баян байхаасаа бус, хамгийн үнэт капитал болсон хүнээ, ард иргэдээ хэрхэн үнэлж байгаагаас шалтгаална гэж үздэг этгээдүүийн нэг нь би. Дэлхийн улсууд иргэдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг тухай атаархам мэдээлэлийг яг одоо харж сууна. Цалингийн доод хэмжээ. Хамгийн үнэт капиталаа үнэлж болох хамгийн доод үнэ. АНУ цагийн 7.25, Канад ес, Их Британ 8.73, Өмнөд Солонгос 3.42 доллар, ОХУ сарын 140, Грек 842, Хятад 147 доллар. Харин Монголд сарын 108 мянган төгрөг. Энэ нь нэг цагт Монгол хүн 610 төгрөгийн орлого олж байвал хангалттай гэж батласан Засгийн газрын шийдвэр.

Төрийн өмнөөс боож үхсэн оготно

Өндөр хөгжилтэй, баян улсуудтай өөрсдийгөө жишиж доош нь хийлээ гэж уншигч та бодож мэдэх юм. Төсөв нь хэр баяндаа асуудлын гол нь байгаа юм биш, хүнээ хэрхэн үнэлдэгт л асуудал байгаа юм. Монгол ядуу орон мөн. Гэхдээ Монгол хүний нэг цагийн ажлын хөлсийг талхны мөнгөнөөс ч дор үнэлтлээ модоо барьчихсан гэж бодохгүй байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Монгол Улсын хуулинд хүн амын амжиргааны доод түвшин, улсын хэмжээний дундаж цалин болон бусад үзүүлэлтүүдээр үндэслэн тогтооно гэсэн байдаг бөгөөд 2005 оны гурван талт хэлэлцээрээр дундаж цалингийн 50 хувиас багагүйгээр тогтоох тухай нэмж шийдвэрлэсэн аж. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар цалингийн дундаж хэмжээ 332.7 мянган төгрөг хүрчихээд байхад өнөөх 108 мянга хэвээрээ л. Төрийн өмнөөс “оготнууд” боож үхдэгийн шалтгаан энэ.

Гурван жилийн дотор юу эсийг үзэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 онд 108 мянган гэж тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Гэтэл өнгөрсөн гурван жилийн дотор юу эс болоод өнгөрсөн билээ дээ. Гурилын үнэ гурвантаа нэмэгдэж, машин нүүрсний үнэ хоёр дахин өссөн. Итгэхгүй бол арвын чихэрээ 20-иор худалдан авч буй багачуудаас асуу л даа. Бодит байдал ийм л байна.

Муу л бол хойд хар овоохой гэгчээр алийн болгон УИХ-ын хэдэн гишүүнээ муу хэлэх вэ. Цаадуул чинь болно гэж үзээд л энэ хэмжээг тогтоосон байж таараа. Бүгдээрээ энэ мөнгөөр нэг сар амьдрая гээд төсөөлье.

Би 108 мянган төгрөгийн цалин авлаа. Үүнээсээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татвараа төлнө. Ингэхээр гар дээр 85.000 орчим төгрөг үлдэх болов уу. Үүнийг нэг сардаа хуваачихъя. Өдөрт би 2830 төгрөгөөр амьдрах ёстой. Ганц би нь ч юу байх вэ, гэр бүлээрээ амьдарна гэвэл үнэнд илүү ойр. Гурван ам бүлтэй айлын эцэг, эх хоёр нь автобусаар ажилдаа яваад, хүүхэд нь гүрийлээ гэхэд 1200 төгрөг. Цаана нь 1630 төгрөг үлдэж байна. Үүгээр өглөө, өдөр, оройн хоолоо залгуулна. Бас галаа түлж, усаа авна. Гэрэл цахилгааныхөө мөнгийг төлнө. Ай яа яа. Хэцүү байгаа биз.

Хэдэн жил 108 мянгатай өвөлжих бол

Цалингийн доод хэмжээ тогтооход эерэг сөрөг хоёр тал бий. Харамч даргад хэтэвчнээс нь гаргах хамгийн доод хэмжээг зааж өгөхгүй бол үүнээс ч дордуулах магадлалтай. Гэтэл бас ийм нэг жишээ байна. Хангалттай сая төгрөг авах боломжтой ажилтандаа дарга ердөө талыг нь л өгдөг. Яагаад гэсэн асуултыг тэр “цалингийн доод хэмжээ”-нээс 5 дахин их байгааг сануулах пээдгэр хариултаар буцаана.

Ингээд бодохоор цалингийн доод хэмжээг хэрхэн тогтоох вэ гэдэг нь хэн нэгний хурууны үзүүрээр шийдэгдэж, хэдэн жил улиран мөрдөх хэргэцээгүй тооцоо биш бололтой. Саяхан Монголын үйлдвэрсний эвлэлүүдийн холбооноос цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх санал гаргасан эрхэм төр энэ талаар авч хэлэлцэхийг ч хүсэхгүй байгаа юм билээ. Энгийн иргэд 108 мянган төгрөгтэйгээ хэдэн жил өвөлжихийг би таашгүй.

Хувийнхнийг хэн тоох вэ

Цалин нэмэх, хасах элдэв асуудал хувийн компаниудиас саахалтын зайтай зөрж өнгөрдөг нь хачирхалтай. Төрийн албан хаагчид 30 хувийн нэмэгдэлтэй цалингаа өнгөрсөн сараас авч эхэлсэн.

Төр ажиллаагүй л бол таны лайгаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй. Гэтэл цалингийн доод хэмжээ хүртэгсэгдийн тэргүүн эгнээнд хувийн хэвшлийнхэн л давхиж явна. Тэднийг тоодог хүн ч гэж алга. Сарын цалин нь 108 мянгаас их гэсэн нэртэй ч начир дээрээ элдэв шимтгэлээ төлсний дараа үүнээс ч бага мөнгөөр тооцоо гаргах нь бий.

Цагийн системд шилжье

Төрд хамаг бурууг тохож болохгүй гэж ахиад нэг “долигночихъё”. Сайн цалин авахын тулд ажилтан та ч бас сайн байх хэрэгтэй. Үнэхээрийн найгүй залхуу нөхөр өдөржин тааз ширтэж суучихаад цалин багад эмзэглэн, боож үхэх гээд байвал үх л гэнэ биз дээ. Олны дотор ийм этгээдүүд байхыг юу эс гэхэв.

Бас л гадаадынхантай жиших хэрэг гарлаа. Өөдөө тэмүүлдэгийнхээ хүчинд л хүн өндөр болдог гэсэн биз дээ. Гаднын ихэнх орнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо цагаар нь тооцдог болж. Жишээ нь, Францад таны нэг цагийн ажлын хөлсийг доод тал нь 8.82 еврогоор үнэлнэ. Өдөрт нэг цаг ажиллавал та дээрх мөнгөө л авна, таван цаг ажиллавал 50 евро авна. Шудрага байгаа биз.

Хэрвээ цагаар тооцож цалинжуулдаг болвол хамаа алга цагийн 610 төгрөгөөр ажил хийе. Өдөрт найман цаг ажиллахад 5000 төгрөг олно. Арай л дээр сонсогдож байгаа биз. Гэхдээ л !!! гээд гурван анхаарлын тэмдэг аяндаа гозойгоод ирэх юм. Цагт 610 төгрөгийн цалин авна гэдэг бол зах зээлийн энэ нийгэмд ёстой эмгэнэлтэй үзэгдэл. Та нэг цаг машин угааж, гудамжинд гуйлга гуйж зогсвол дээрхээс арай л илүү мөнгө олно гэдэгт эргэлзэхгүй байна.

Төгсгөлд нь надад нэг шудрага байж мэдэх нэг санал байна. Цалингийн доод хэмжээг тогтоодог тэрийн эрхэм түшээдийг тэр мөнгөөр нь нэг сар амьдруулж туршъя. Үнэхээр болж байвал хамаа алга.

Хотын "хөдөө"

2010 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Teky



Би хотын хүүхэд. Дуу, шүлгэнд гардаг хөдөөгийн үзэсгэлэнт байгалиас тэс өөр орчинд өссөн болоод ч тэр үү тариа халиурах, бугын урамдаан говийн зэргэлээг хараад малчин хүний мэдэрдэг мэдрэмжийг үнэндээ ойлгодоггүй. Гэхдээ голын усанд сэлсэний дараа засмал зам дээр хэвтэх таашаалын тухай хэний ч нүдэнд харагдтал дүрсэлж чадна. Гэрэл залгасан шонгийн модод нар жаргах үеэр хэрхэн “Болтрон” шиг болж хүүхэд айлгадаг, нүүрсний утаа, автобусны яндагийн үнэр ямар мэдрэмж төрүүлдгийг адуу манаж суугаа эрээс илүү мэднэ. Унасан газар минь Улаанбаатар, угаасан ус минь Сэлбийн гол (үнэндээ төрхийн ор миний анхны унасан газар, тэндхийн крантаар намайг угаасан гэнэ лээ). Энэ бүгдийг тоочихийн учир уншигч авхай таныг би хүй цөглөсөн нутаг тийшээ хөтлөхөөр зориглолоо.

Сүхийн талбайгаас баруун тийш явсаар, чанх хойш эргэхээр XI хорооллын өндөр байрнууд байдаг даа. Тэр чинь биш. Үүнээс яг чанх хойш, таксигаар явбал 5000 төгрөг гарах гэр хорооллын дунд миний хүүхэд нас өнгөрсөн. Хотын бид уул, усны нэр тогтоохдоо маруухан болохоор тэр уулын бэлд гэж онож хэлэхэд бэрх байгааг минь ойлгоно гэж найдъя.

Өвлийн эхэн сарын тэсгим хүйтэнд, нагац ах минь 10 битон дүүрэн тос даасан шөл хийж, ээжийг минь эргэсэн тэр өдөр би мэндэлж, Дарь-Эхийн оршин суугчдын тоог нэгээр нэмсэн гэдэг. Тэр үед Дарь-Эх гэх энэ буйдхан газар хотын нэг хэсэг гэхэд хэцүү, Сэлбийн хөвөөнд уулын нөмөр бараадсан хоёр хашаанаас өөр эзэнгүй байж. Зоосон газартаа 20 жил гозойсон бор банзнууд минь үүнийг гэрчилнэ. Тоглох найзгүй ганцаараа ярьж, ахдаа үүдэн шүдээ цохиулаад өөхөнд боож нохойд хаяж байсан, нууцаар хашаа давж, найзуудтайгаа уулын бэлд “барьсан” байшиндаа очихоор оргож байсан түүхийг энэ хэдэн банз хэлтэйсэн бол хүүрнэх байсан биз.

Дарь-Эхийнхний дэд бүтцэд анхаарч зургаан настайд минь худаг барихаас өмнө би Дондогдуламын рашаанаас ус зөөдөг байв. Зуны шатам халуунд ч чөмөг царцаам хүйтэн, өвөл бол эргэн тойрон мөсөөр бүрхэж, уур савссан хүйтэн тамын газар шиг л санагддагсан. Тавын битонтой усаа татаж дийлэхгүй өвлийн хүйтэнд олон ч удаа рашааны усанд булхаж байсан даа. Хүн үү, мөс үү, ер ялгагдахгүй жаал ахдаа шоолуулахгүй гэж гэрийнхээ гадаа хувцасныхаа мөсийг чулуугаар цохиод орно. Тэгсний хүчинд хоёр хоног халуурч хэвтэн, гэрийн ажлаас чөлөөлөгдөж байсан удаатай.

Энэ рашааны жараахай залгивал элэг, ходоод эмчилдэг гэх жорыг хэнээс ч юм бэ дуулаад өглөө бүр аавдаа өгөх гэж ажилтай хүн шиг гэрээсээ гарах дэлчгэр шар бандийн дүр зургийг “жаазлан” үлдсэн банзан хашаанууд одоо блок болжээ. Их хотыг мөрөөдөн ирэх шинэ цагийн нүүдэлчдийн хөлд голын хайрга шиг мөлийсөн чулууд хундааманд цутгагдаж миний мэдэх ертөнцөөс хэлтэрхий ч алга шиг санагдана.

Өдөр бүр шахам болох шинэ хөршийн найрын боов, чихэр хороосоор нэг л мэдэхэд би рашааны жараахайнаас олон танилтай болсон байж билээ. Эхлээд Юмжаа, дараа нь Отгоо, Мандах ирсэн. Хотын хүүхдүүдийн нийтлэг зангаар уул, усны нэр цээжилэхдээ муу, ёстой зоргоороо нэрлэдэг байж. Нэг л мэдэхэд хойморт дарайх сүрлэг уулсын дөрвөн оргил Энхмандах, Тэгшжаргал, Юмжирдулам, Отгонбат гэх нэртэй болчихсон юмдаг. Зөв цагт нь чигчий хуруугаа гозойлгосны хүчинд хамгийн өндөр хайрхан миний мэдлийнх болов. Оргил дээрээ хадаг, яндар болсон овоотой учраас нөгөө гуравынхаа дунд додигор байлаа, би.

Дөрвөн оргилынхоо бэлд тус бүртээ чулуун “байшин” бариад биенийхээрээ зочилно. Гэхдээ бас хоосонгүй. Уулын бэлийг улбар ягаан өнгөөр ярайтал нь будсан цэцгээр баглаа бэлдэж, гонзгой чулуун дарс тэвэрч, боловсон маягаар айл хэснэ. Аялан тоглолт дууссаны дараа бид уул өөд өгсөж, цэцгэн титэм сүлжин суудагсан. Уулс нүдлүүлж, байгаль хайрлах ухаан заах өвөө, эмээгээсээ хол өссөн бидэнд цэцгийг үндсээр нь биш, угаар нь таслах сэтгэлийг хэн суулгасан юм бүү мэд. Тэр сэтгэлийг зуурч хоцорсон 15 настай хатаасан цэцэг дэвтэрийн минь завсар одоо ч бий.

Хэзээ л очсон эрээн цэцгээ дэвсэн эрхлүүлдэг уулсынхаа бэлд очлоо. Тэднийг харахад загнаад ч байгаа юм шиг, туниад ч байгаа юм шиг үзэгдэнэ. Юмжаа, Отгоо, Мандахын уулсаар айл шавж, зочилж явсан тэдний минь “байшин” хундааманд цутгагджээ. Хадаг яндартай миний өндөр хайрхан л нулимс дуслуулан байх шиг үзэгдэнэ. Хүний мөс хайлах цагаар тэр ч бас эзлэгдэх биз.

Уулын бэлийг эмжин урсах Сэлбийн голын наадхан талд буянтай хүний мэнгэ шиг бяцхан хар дусал байх нь Дондогдуламын рашаан. Зуны шатам халуунд ч толгой царцаам хүйтэн байдагийнх нь учрыг ойлгохгүй, “хөргөгчтэй ус” гэж шоолдог байж билээ, бид. Хотоос нэлээд зайдуу байдаг болохоор бид өөсрдийгөө “Хотын хөдөөнийхөн” гэж нэрлэдэг. Рашааны минь жараахайд л болж ирэх машинууд “хөдөөгийн” дөрвөн жаалд их л соньхон үзэгддэг байсныг тодхон санаж байна. Бидний хамгийн том нь болох Юмжааг сургуульд ордог жилээс хойш машин гээчийг залхатлаа харж билээ.

Хотын хүүхдэд бүрт тэр бүр олдохгүй хүүхэд насыг Сэлбийн хөвөөнд би өнгөрүүлсэн. “Нэг, хоёрын, гурав аа” гээд л эрэг дээрээс үсрэхэд чулуу нь тулдаггүй байсан гол мөч уртсах тусам дундрах шиг санагдана. Усан борооноор намагт хөндийг тэр чигт нь бүрхэж, догширдог Сэлбийн гол өдгөө шагай ч норгож хүрэх туниагүй болсон байна лээ.

Голын усанд өдөржин булхасны дараа засмал зам дээр тэрийж хэвтэхийн сайхныг та мэдэх үү. Уншигч та биднийг амиа хорлогч гэж зэмлэх байх. Таны зөв. Гэхдээ бидний багад айл амьтан ч ховор, зам ч биднээс өөр эзэнгүй байж. Наранд халсан засмал замаас үнэртэх тэр нэг сонин, өвөрмөц үнэрт би одоо ч дуртай. Хэрэв аз гийвэл бид дундаа нэг сироптой. “Эмч” жараахай багширсан Дондогдуламын рашааны ус, гүзээлзгэнийн сиропны гоё амтыг мэдрэхээсээ одоо ч өнгөрсөн биз дээ.

Дунд ахын бөглөө сайн шүүрдэгийн буянаар хуучин коньки нь миний өмч болсон тэр өдрөөс хойш өвөл болохыг тэсэлгүй хүлээдэг болж билээ. Хажуу айлын хашааны банзны нэгээр дөрвөн найз конькиндоо тавцан суулгасныг тэднийхэн мэдсэн бол биднийг ёстой алах байсан даа. “Юмжаагийн” уулнаас конькигоор уралдаж буусан бид нэг зэрэг айлын хашаа мөргөж хоёр нь хөлөө хугалснаас хойш өвлийг нэг их хүлээхээ больсон санагдана.

Саяхан би “өөрийнхөө” уулан дээр гарлаа. Намар цаг болоод ч оргил өөд мацах бүрт хийсгэчих шахам салхилна. Олон ч удаа эндээс бид өөрсдийнхөө нэрийг чангаар дуудан хашгирч, цамцаараа туг хийн дэрвүүлдэг байж билээ. Анх удаа уулын орой дээр ганцаараа гарлаа. Нэг л эвгүй байх чинь. Жаалынх шиг хоолойн хашхирах чимээ чихэнд сонсогдох шиг болоход нутгийн уулс дууг минь хадгалж хоцорч дээ гэж бодогдож билээ. Дасал болсон жимээр би ганцаараа буусан. Ахдаа тунин гүйхэд минь хязгааргүй мэт санагддаг тэр хөндий одоо өрсөн хасаа шиг шулуун гудамаар бүрхжээ.

Хөдөө нутаг минь сайхан л гэж дуулдаг. Хөх уулсын минь бэлд мөчтэй болгон гардаггүй л гэж хөдөөгийнхөн ёсчирхдог. Гэсэн атлаа найзын минь уулын оройг тэгшилж бууриа засаад, дурсамж бүхнийг шингээсэн чулуудыг минь булшилж орхисон тэднийг би ойлгодоггүй. Бидний хайрхан дээр баглаа болгох цэцэг ургахаа больсон байна лээ. Чулуун байшин өрж суусан найзууд минь ч алга. Тэгэхээр дурсамж байхгүй…Алдуурсан цаг хугацааны хэлтэрхий бүхэн нүүдэлчдийн хөлд дарагдчихаж.

“Хөдөөгийн” дөрвөн жаалын тэрийж хэвтсэн засмал, хөх ягаан цэцгэндээ бялхан суудаг миний хайрхан, “болтрон” шиг шонгийн мод, биеийг минь хэмжин урсах Сэлбийн гол, эцгийн минь элгийг эдгээсэн эмч жараахайт рашаантай сайхан нутагт би өссөн. Ийм болчихно гэж харин зүүдлээчгүй явж.

Ажиллах хүчний дуэль. Монгол vs Korina

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Teky
Жилд 31 мянга орчим оюутан сургууль төгсөж, ажлын байрны эрэлд гардаг. Харамсалтай нь тэдний ердөө 10 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажиллаж, талаас илүү хувь нь баар, зоогийн газрын зөөгч, хамгаалагч эсвэл сүлжээний ажилтан болж байгаа нь нууц биш.

Гэтэл ганцхан жилд 84 мянга орчим гадаадын ажилчин, мэргэжилтэн Монголд ажиллахаар ирдэг тухай албаны тоо бий. Хоёрхон сая хүн амтай Монголын хувьд энэ нь ахадсан үзүүлэлт биш гэж үү. Монголчуудыг монгол хүний ухаан, гар тэжээх цаг хэзээ ирэх вэ?

ХАРИУ НЭХСЭН АСУУЛТ

Ажиллах хүч бэлтгэх асуудал дэлхийн улс орнуудын “шүдний өвчин” болоод удаж байна. Манайд ч мөн адил эдийн засгийн чадвар сайжирч, үйлдвэрлэл нэмэгдэх тусам ажиллах хүчний хэрэгцээ өсөж байгаа. Монгол Улс газрын хэвлий дэх үүцээ нээж, дэлхийн томчуудын нүдийг бүлтийлгэхтэй зэрэгцэн уул уурхайн мэргэжилтэний эрэлд хатсан. Гэвч энэ хэрэгцээг монголчууд бид өөрсдийн боловсон хүчнээр хангаж чадаагүй.

Чадварлаг геологич, уурхайчин хомс, шинэ техник, технологийг ажиллуулж чадах монгол хүн цөөн учир бид гаднынхнаас тусламж дуудсан. Оюутолгойн уурхайд 10000 монгол ажилтны орон тоо гарна гэж ярьж байгаа. Гэтэл дэлхийн жишгээр ажиллах эл уурхайд очих “алтан тийз”-ийг гардах мэргэжилтэн бидний дундаас олдох нь цөөн. Гудамжинд лааз өшиглөж яваа “хүнд гар” тийшээ очихыг мөрөөдөх ч эрхгүй нь ойлгомжтой.

Тэгэхээр жилээс жилд нэмэгдэж буй ажиллах хүчний хэрэгцээгээ бид хэрхэн хангах вэ? Дотооддоо бэлтгэх боломж бий. Гэхдээ үнэнийг хэлэхэд чадварлаг боловсон хүчин бэлтгэх чадалтай, дэлхийн жишигт нийцсэн боловсрол олгож чадахуйц сургууль хэд байдаг билээ. Дөнгөж сургуулиа төгссөн залууд дадлага болчих шинэ техник, технологиор зэвсэглэсэн үйлдвэр манайд байдаг бил үү?

Хариултыг нь та хотын гудамжинд нэг минут зогсоод л сонсож болно. Мэргэжлээрээ ажиллах боломжгүй залуус зөөгч, барилгын туслах ажилтны орон тоо хайж, овсгоотой нэг нь гадаадад ажиллахаар зорьж, “Өндөр цалин, ажиллах таатай орчин хэзээ бий болно, тэр үед ирнэ” гэсэн болзол тавин явдаг нь нууц биш.

ДЭЛХИЙН УЛСУУД АЖИЛЛАХ ХҮЧНЭЭ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ

Гадаадад ажиллах хүч илгээх төв 2007 онд байгуулагдсанаас хойш БНСУ-д 7400 гаруй монгол иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр зуучилсан байна. Манайх Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хууль 2001 онд баталж, энэ хугацаанд 25 мянга гаруй иргэн хөдөлмөрийн гэрээгээр болон дадлагажигчаар гадаадад гарсан гэсэн мэдээ бий.

Манайх БНСУ, Хятад руу ажиллах хүч экспортолж, оронд нь өндөр цалинтай хангуг, нанхиад мэргэ жилтэн импортолдог болсноор удаж байна. Үүнээс харахад манай ажиллах хүчний зах зээлд Монгол VS “Korina” гэсэн дуэль болж буй нь илт. Ажиллах хүчин бэлтгэх бодлого манайд байхгүйгээс үйлчлэгч ихэнх нь бидний нэрлэдгээр “хоккейчин”, “DJ” буюу аяга угаагчаар ажилладаг. Ажиллах хүч бэлтгэх асуудал дэлхийн олон улсын хувьд төрийн бодлогынх нь чухал хэсэг болсоор удаж байна. Хамгийн ойрын жишээ авъя.

Ажиллаж буй гаднынхны 60 орчим хувийг урд хөршийнхөн эзэлдэг. Ганцхан манайд л ийм байдаг гэж та бодож байна уу. Манай хойд хөрш хүртэл хятад ажилтнаар хахаж цацсан гэдэг. “Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Нэгэн цагт хятадууд үйлдвэрлэл ч байхгүй, чадварлаг мэргэжилтэн ч үгүй байсан. Тэд манайх шиг гаднаас ажилтан “экспортлох”-ыг урь тал болгохын оронд нэгэн арга олж.

Тэр нь гаднын ихэнх орныг хямд ажиллах хүчээр хангах. Архи ууж танхайрдаг, ажлын бүтээмж муутай орос ажилчны оронд “даруулгатай” хятад ажилтан сонгож асан тэр цагт манай хойд хөрш тэдний ов мэхэнд өртөж байснаа сая л ухаарсан. АНУ болон Европын орнуудаас Хятад улс хөрөнгө оруулалт, тэргүүний техник технологи авсан. Үүний хүчинд сая сая хятад ажилчин нарийн мэргэжил эзэмшиж амжсан.

Энэ нь хөрөнгө оруулагчдыг баяжуулан хөгжүүлэхэд биш Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр аж ахуйн газруудын үндсэн дээр Хятад ахар богино хугацаанд үндэсний эдийн засагаа түшиглэх тулгуур баганыг босгоход тус нэмэр болсон юм. Хятад залуус ажиллах хүчин болж, гаднын орныг зорих үед тус улсын Засгийн газраас гаднын томоохон компани, брэнд үйлчилгээг далласан гэж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг ийн татаж, аажимдаа өөрсдөө түүнийг эзэмшиж, өөрийн болгох аргаар тэд ажилладаг байв. Цаг нь болж, боловсорч гүйцсэн чинээлэг хятад ажилчид эх орондоо эргэн ирмэгц төрөөс гаднынхныг татварын бодлогоор хязгаарласан гэдэг. Үүн дээр нь тэд өөрсдөө эзэн сууна. Хятадаас улбаалж, дэлхийн ихэнх оронд дэлгэрсэн ажиллах хүчин бэлтгэх бодлого“Хятадууд гадаад явж байгаа гэр бүлд очоод хөлөө олох зориулалтаар 7000 долларын “халаасны мөнгө” өгдөг.

Хятадын цагаачид ямар нэгэн улсын нутаг дэвсгэрт 40 гаруй хүнтэй “Чайна тосгон” байгуулбал энэ нэгдэлд 100 мянга гаруй доллар явуулдаг” гэж хятад судлаач Орос эрдэмтэн Андрей Девятов өөрийн өгүүлэлдээ бичсэн байдаг.ердөө л энэ. Хамгийн гол нь энэ тоглоомд төрийн оролцоо, дэмжлэг хамгаас чухал байдаг.

ТЭНЭГ Л БИШ БОЛ ТЭД ЭРГЭЖ ИРЭХГҮЙ

Хилийн чанадад янз бүрийн хугацаагаар ажиллаж буй хүмүүстээ тухайн орны төр засаг нь дотоодын иргэддээ үзүүлэх бүх дэмжлэгийг хүртээдэг. Эх орондоо байгаа нэгнээс ч илүүтэй халамжлах нь бий. Гэтэл манайд байдал тэс өөр. Хэн, хаашаа, хэдэн жилийн хугацаагаар явааг мэддэг, санаа тавьдаг байгууллага алга. Эх орондоо ирэх эсэх нь ч бүү мэд. “Эх орны хишиг” болгож хүн бүрт 70 мянган төгрөг тараахад гадаадад амьдардаг хүмүүс үүнийг хэрхэн авах нь тодорхойгүй байснаас гадна ер тэдэнд хуваарилсан эсэх нь ч бүү мэд.

Нэг өдрийнх нь цалинд ч хүрэхгүй энэ мөнгийг авсангүй гээд тэд ядуурчихгүй ч Монголын төр хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ хэрхэн холбоо, харилцаагүй ажиллаж байгаагийн өчүүхэн жишээ нь энэ. Гадаадад ажиллах хүчнээ бэлтгэхийн тулд хөгжиж буй ихэнх улс маш ихээр чармайдаг. Ингэхдээ гадаадад сурч, ажиллахаар мордож буй хүмүүстэй гэрээ байгуулж, эргэн төлөгдөх бэлэн мөнгөний зээл олгож, эх орондоо эргэн ирж, мэргэжлийн дагуу ажиллах нөхцөлийг хангах тал дээр гол анхаарлаа хандуулж байна.

Гадаадад олноор суурьших нь тухайн зах зээлийг мэдрэх чадвартай болгодог. Манай урд хөршид л гэхэд 1985 онд “Гадаадад ажиллагсдын хөрөнгө оруулалтад хөнгөлөлт үзүүлэх тухай Түр зөвлөлийн түр журам” гээчийг боловсруулсан бөгөөд энэ нь Хятадын нутаг дэвсгэрт гадаадад амьдардаг хятадууд өөрийн хувийн хөрөнгө мөнгөн дээр тулгуурласан хэлбэрээр хөрөнгөө арвижуулах, бие даанүйл ажиллагаагаа явуулахыг хөхиүлэн дэмжсэн баримт бичиг аж.

Манайхан гадаадад ажиллах хүч илгээхдээ ямар нэгэн ач холбогдол олж хардаггүй, эр гээд эх орондоо ирэхээр нь дэмждэгг үй тул хэн наашаа ирэхийг бодох билээ дээ. Гадаадад хэдэн жил ажиллаад хөлөө олчихсон, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө болон мэргэжлийн чадвартай болсон хүн тэнэг л биш бол Монголд 300 мянган төгрөгийн цалин авах гээд ирэхгүй нь мэдээж. Авлига, хээл хахуулиар дүүрсэн манайд шинэ бизнес эрхлэх хамгийн хэцүү гэдэг.

“ГАДНА ДОТНОГҮЙ ЗЭРЭГЦЭН ЯВАХ” ХЯТАД БОДЛОГО

Дэлхийн улс орнууд хэзээд л хүчин буурайг өөртөө нэгтгэх, эзлэн түрэмгийлэх адын сонирхолтой байж ирсэн. XXI зуун гараад энэ сонирхол нь бөхчихсөн юм биш. Ердөө л хэлбэр нь өөр болсон. Эдгээр улсын хөгжлийн стратеги нь “Гадна, дотно зэрэгцэн явах”. Энэ нь юунд ашигтай вэ гэхээр тухайн орны бараа таваарыг борлуулах зах зээлийн газрын зургийг өргөжүүлэх явдал юм.

Цэрэг, дайны хүчээр бүхнийг шийдэж дайлаар мордож улсыг эзлэх биш бодлогыг нь эзлэх шинэ дайн чимээгүй өрнөж байна. Бид хэдийнэ эзлэгдсэн. “Хятадууд гадаад явж байгаа гэр бүлд очоод хөлөө олох зориулалтаар 7000 долларын “халаасны мөнгө” өгдөг. Хятадын цагаачид ямар нэгэн улсын нутаг дэвсгэрт 40 гаруй хүнтэй “Чайна тосгон” байгуулбал энэ нэгдэлд 100 мянга гаруй доллар явуулдаг” гэж хятад судлаач Оросын эрдэмтэн Андрей Девятов өөрийн өгүүлэлдээ бичсэн байдаг.

ОХУ-ын Төвбанкнаас гаргасан мэдээллээс үзэхэд тус улсад буй хятад ажилчид өнгөрсөн жил 20 орчим тэрбум доллар явуулсан байна. Монголд ажиллаж буй гаднын ажилчид хэчнээн доллар халааслан оддогийг чөтгөр бүү мэд. Монголын гудамжинд хогоо хаядаг залуус АНУ-д очоод тэгэх гээд үзэг л дээ. Ядаж л тэд гудамжинд нус, цэрээ хаяхгүй байж, эмэгтэй хүнд машины хаалга онгойлгож өгөх соёлд суралцдаг. Сүүлийн жилүүдэд манайд үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь гадаадад ажиллаж байгаад ирсэн ажилчидтай холбоотой.

Жишээ нь, Монголд хамгийн анхны оймсны үйлдвэр байгуулсан залуу найман жил БНСУ-д ажиллаж байгаад ирсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Солонгосоос явахдаа оймс хийх бүх аргыг сураад зогсохгүй, техник, түүхий эд зэргийг нь Монголдоо авчирсан аж. Энэ мэт жишээ цөөнгүй бий. Монголд ирсэн хятад барилгачин, БНСУ-д очсон Монгол ажилтан хоёр адилхан цалин авч болоод байхад эх орондоо ажилладаг монгол хүн бага цалин авдаг гажиг тогтолцоог өөрчлөх цаг нь болжээ.

Тэнгэрийн оронд та минь хэрэгтэй болоод явчихсан. Тэгэхдээ эргэж ирэхгүй гэдгийг нь би мэдсээн. Бие нь хол ч сэтгэлд үргэлж ойр. Би ч гэсэн таниас холдохыг хүсээгүй. Амьдралын хүнд бартаан дунд торойтол орхиод явчихаагүйг нь тань мэдэх болохоор сэтгэлдээ таны гэх орон зайг дүүрэн үлдээсэн.

Та ч бас намайг мартаагүй гэж итгэсэн. Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад, тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх аав минь… Би оргилдоо мөнгөн хяруутай, одонд шүргэн алдсан Алтайн хөх хайрханы бэлээс нь урган өндийсөн жижигхэн шар толгод билээ.

Аав Ц.Жамъян-Очир, Ээж Б.Энхтуяа нарын хамт. Завхан аймаг Дөрвөлжин сум 1996 он

Хөрстийн дээвэр, тэнгэрийн багана болсон тэр хайрхан намайг цас бороонд жиндүүлэхгүй, хүйтэнд дааруулж, халуунд халаахгүй ер л хорвоогийн түмэн зовлон бэрхшээлээс нөмөрлөн хамгаалж, би эрх дураараа айх аюулгүй жаргалын оронд байгаа юм шиг л байдагсан. Хоног өдөр өнгөрөх тусам би хайрханы бэлээс хад асгатай, өнгө өнгийн цэцэгстэй уул болон өсөж байлаа ч тэрхүү хайрханы хажууд үргэлж толгод хэвээрээ торойн харагдана. Би аав шигээ сүрлэг Алтайн хөх хайрхан болохыг хүснэ.

Хоног өдрүүд харвасан сум шиг өнгөрсөөр, би ч өндийсөөр. Ойроос аавын минь өндөр оргилд хэсэг бүдэгхэн цагаан хяруу татах болов. Тэр цагаан хяруу бага багаар нэмэгдэх агаад аавыг минь улам сүрлэг, ханхар уужуу харагдуулна. Ингээд би аав шигээ өндөр хайрхан болох хүсэл дээрээ ихээ цагаан хярууг бас нэмэв. Сүүлийн хэдэн шөнө бороо тасралтгүй шаагилаа.

Тэнгэр нэг л таагүй, загнах мэт том том бараан үүлс хөшилдөж, нудрага мэт том дуслууд дээрээс асгарна. Мэдээж би аавынхаа сүрлэг ханхар биед нөмөрлөгдсөн болохоор юунд ч санаа зоволтгүй тайвуухан нойрсоно. Үе үе аавын минь биеэс тасарсан хэсэг хэсэг чулуу дээрээс унан нойрыг минь сэрээх боловч хэзээний уужуу тайван аавын минь тэргүүн дээрх мөнгөн хяруу нүднээ тусаж, би ч мөрөөдөлдөө бүүвэйлэгдэн унтсаар.

Гэнэт нэг их сүрхий чимээ гарах үест би сэрлээ. Нөгөө сүрлэг өндөр хайрхан догширон тонгочиж, хад чулуу нь хэдэн зүгт үсчин бутарч, тэнгэр хурмаст догширон хилэгнэв үү гэлтэй аянгын гялбаа, галт сум мөндөр шиг нижигнэн тэр гэхийн завдалгүй өнөө сүрлэг хайрхан нурж одох нь тэр.

Үүр цайж байсан ч нар алга. Харин бороо, бороо л шуналтайгаар асгаран орж тэр сүрлэг хайрханы нурж унасан эрэмдэг биеийг нэг мөсөн арилган одох нь гэлтэй заналтайгаар шаагина. Тэр өдрөөс хойш бүх зүйлс өөрчлөгдсөн. Бороо ямар жихүүн, салхи ямар ширүүн, цас ямар хүйтэн байдгийг би биеэрээ мэдрэв. Хором мөч бүхэнд аавын минь нөмөр, дэм надад үгүйлэгдэж байлаа. Одоо би энэ бүгдэд хэдийнэ дассан.

Тулж ирэх хэцүү хүнд бүхэнд хөл алдалгүй яг л аав шигээ тайвуухан, тэгээд сүрлэг, ханхар байдаг болсон. Би чинь аав шигээ сүрлэг Алтайн хөх уулсын үргэлжлэл шүү дээ.

Ж.Тэгшжаргал

17 хором

2010 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Teky
Нэг, хоёр, гурван секунд... 17 хором. Ийн тоолох зуур ертөнцийн хаа нэгтээ амиа хорлогсдын тоо нэгээр нэмэгдсээр байгаа. Манай тоолол эхэлснээс хойш хэчнээн ч олон удаа гунигт 17 минутыг өнгөрүүлснийг бурхан ч үл мэдэх биз. Хүн төрөлхтний түүхийн шарласан хуудасны хаана нь хүн өөрийгөө хөнөөж болно гэдгийг мэдсэн юм бол. Тэр цаг мөчийг нулимж орхихсон. ...Надад үхэх ямар ч шалтгаан алга. Бас амьд явах ч ямар нэгэн шалтгаан байхгүй. Амьд явах бол надаас шалтгаалахгүй, миний өмнөөс байгаль эх шийдэж өгсөн сонголт. Харин үхэл бол миний хувьд өөрөө шийдэж чадах цорын ганц сонголт...

Энэ бол нэгэн залуугийн богинохон амьдралынхаа хамгийн сүүлд барьсан үзгээрээ эцсийн удаа бичсэн үгсийн хэсэг нь. Түүний хувьд үхэл өөрөө шийдэж чадах цор ганц зүйл нь байж. Нэгэнт үхсэн хүний хувьд хүсээд ч олдохгүй өдрүүдийг тэр ийм ойворгон зүйл бодож шаналахад зориулж. Үр дүн нь сонголт. Амьдралдаа хийсэн хамгийн сүүлчийн, бас хамгийн тэнэг сонголт.

Амиа хорлох нь хамгийн “цэвэрхэн” аллага бөгөөд цагдаа нарын хамгийн дургүй хэргүүдийн нэг. Аллагыг хэн үйлдсэн нь тодорхой боловч түүнийг хэзээ ч амьдаар нь барьж чадахгүй. Үүнийг нотлох баримт нь амиа хорлоход хэрэглэсэн зэвсэг сэлт байх боловч түүн дээр нь зөвхөн нас барсан хүний гарын хээ л байдаг.

ДОРООС ДООШ УНАДАГГҮЙ...

Дэлхийд жилд дунджаар нэг сая гаруй хүний амиа хорлох оролдлого амжилттай болдог. Үүний 30 хувь нь манай өмнөд хөршийн иргэд байдаг. “Хар” жагсаалтын удаах байруудад АНУ, Япон, ОХУ, БНСУ-ын иргэд жагсдаг. Ажиглавал эд бүгд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс. Бидний муйхар төсөөллөөр дэлхийн хамгийн аз жаргалтай орны иргэд. Гэвч хөгжлийн хурд, эдийн засгийн эрх чөлөө нь хүнийг амьдралаас уйдахад хүргэдэг гэдгийг эрдэмтэд баталжээ. Аз болоход хөгжиж буй, ядуу орны иргэд амиа хорлох тухай огтхон ч бодох сөхөөгүй амьдралын төлөө тэмцэж байдаг нь энэ эринд давуу тал болж байх шиг.

Дороос доош унана гэж байдаггүй, харин дээрээс унахдаа л хүчтэй унадаг гэдгийн баталгаа нь энэ. Нэг хүнд ногдох болон насанд хүрээгүйчүүдийн амиа хорлох үзэгдлийн тоогоор япончууд дэлхийд тэргүүлдэг. Ажлын төлөө ухаан мэдрэлээ зориулдаг тэр “жижигхэн” хүмүүс өндөр барилга руу авирах, эм уух, галт тэрэгний зам дээр хэвтэх, олсонд толгойгоо шургуулах, бууны амыг толгой руугаа чиглүүлэн гохонд хуруугаа ойртуулахдаа гаргуун бөгөөд шийдвэрлэх сонголтыг хийхдээ биедээ багтамгүй их зориг гаргадаг гэнэ лээ. Үүний хүчинд тэд өөрсдийнх нь амьд ахуйдаа төсөөлөн бодсон тэр ертөнцийн хаалгыг нээдэг.

Гэвч хаалганы цаана юу байгааг харах сөхөө тэдэнд байгаагүй. Өглөө эртлэн босоод ажилдаа гарч, орой унтсан хойно нь ирдэг япон эцэг эхийн хүүхдүүд амиа хорлох нь түгээмэл болж. Судалгаанаас үзэхэд эцэг эхдээ хэрэггүй, ажлаа хийхэд нь би садаа болдог гэж бодсон 3000 жаал Япон улсын хүн амын тооноос нэг жилийн хугацаанд хасагддаг аж. Амиа егүүтгэх үзэгдэл нь Япон дахь үхлийн шалтгааны дөрөвдүгээрт “заларсан” байна.

МОНГОЛД ЖИЛД 170 ХҮН АМИА ХОРЛОДОГ

Сүүлийн үед манайд сайн дураараа үхэгсдийн тоо олширч байгаа гэх. Бодвол бид баяжиж, хөгжиж байгаа юм байлгүй. Өнгөрсөн жил л гэхэд 400 гаруй амиа хорлох оролдлого гарсны 170 нь бүтэлтэй байх жишээтэй. Нэг хүнд ногдох амиа хорлох үзэгдлээр манай улс дэлхийн дундаж босгыг давах дөхөж байгаа юм билээ. Монголд амиа хорлож нас барсан хүмүүсийн 80 хувь нь эрчүүд байдаг гэсэн аймшигт баримт бүхий хуудас гарт минь байна. ХХ зууны Монголд сайн дураараа хорвоог орхих үзэгдэл нүдний гэм байв.

Гэвч ардчиллын хонх арвантаа хангинасан тэр жил Дорноговь аймгийн харьяат бүсгүй амиа хорлохоор шийдэхдээ “Надаас хойш хүүхдүүд минь хэцүүднэ” гэж бодоод хоёр хүүхдээ дагуулан нөгөө ертөнцийн хаалгыг тогшсон аймшигт хэрэг гарсан. Удалгүй Есүст итгэсэн монгол охид Ертөнцийн эзний бүтээсэн диваажинд залрахын тулд хоёр, гурваараа байшингийн дээв рээс үсрэх моод дэлгэрсэн.

Байсхийгээд л дуул дах “байшин дээрээс үсэрч...”, “эм ууж...” гэх тодотголтой сайн дурын үхлийн мэдээг сонсоод бид ч урьдын адил цочирдохоо байчихаж. Бодвол дасал болж байгаа юм байлгүй. Америкийн хэсэг эрдэмтэн дэлхий нийтийн амиа хорлолтод дүн шинжилгээ хийсний эцэст ийм нэг статистиктай болж. Монголд ч гэсэн энэ үзүүлэлт үнэн болох нь батлагдах жишээ гарсаар байна.

Хорвоог өөрийн хүслээр орхигсдын армийн тэргүүн эгнээнд амьдрал үзээгүй бяцхан “жаал”-ууд болох өсвөр үеийнхэн байдаг. Тэднийг үхлийн сонголт хийхэд хүргэдэг гол шалтгаан нь бүтэлгүй хайр байх нь олонтаа. Сэтгэл зүйч багш Б.Ууганцэцэгийн хэлснээр “Амиа хорлосноор өөрийнх нь зөв байсан гэдгийг хүмүүс ойлгоно гэж тэд итгэдэг. Тухайн нөхцөл байдалд үхлээс өөр гарц олж хараагүй өсвөр насныхан өндөр барилгын орой өөд мацах нь элбэг” аж. Гэвч нэгэнт үхсэн хүн өөрийнх нь зөв, буруу байсан эсэхийг шийдэх байтугай хүмүүс түүний тухай юу гэж бодохыг ч мэдэж чадахгүй өнгөрдөг.

Амиа хорлосноор хүн өөрийгөө төдийгүй бусдын амьдралыг тамд унагадаг. Золиос нь харин тэр өөрөө. Хэрэв амиа хорлосон хүнд хоёр дахь боломж олддогсон бол үхлийн тухай тэд бодохыг ч хүсэхгүй байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Монголчуудын ихэнх нь их дотогшоо хүмүүс байдаг гэх. Санаа бодлоо тэр бүр бусадтай хуваалцаж, ярьж зөвлөх нь бага манайхан нийгмийн энэ бүх стресс дунд удаан амьдрахыг тэвчихгүй байх нь элбэг болжээ.

ҮХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ ГОЁ УУ

Зүв зүгээр мөрөөрөө явж байсан нэгнийг үхэ хээс өөр аргагүй байдалд оруулдаг хүчин зүйлсийн нэг томоохон нь шашин. Үхлийн дараах амьдралыг учир зүггүй магтаж, там, диваажин гэж “рекламдах” нь түр зуурын бухимдлаас залхсан нэгнийг бүрмөсөн үхүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Хамгийн хачирхалтай нь ганцаараа биш, сүргээрээ үхэх моод сүүлийн үед ихэд дэлгэрэх болж.

Интернэтээр цаг болзож, нэг дор үхэх явдал ч олширч. Олноороо үхэх үзүүлэлтээр манай хойд, урд хөрш болон Япон улс дэлхийд тэргүүлж байна. Анх 1997 оны гуравдугаар сард Сан Диегогийн ойролцоо архи, мансууруулах бодис ихээр хэрэглэсэн 18-24 насны 39 охин нэгэн зэрэг амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хойш бүлэг амиа хорлолтын давтамж жил ирэх бүр ихсэх болов.

“GLOOMY SUNDAY”

Амиа хорлож буй хүний сэтгэл зүйг мэдрэхийн тулд би интернэтээс олон бичлэг үзсэн. 87 давхраас үсэрч буй 52 настай өвөө, эрчлэн ирэх галт тэрэгний зам дээр хэвтэж зориглосон өсвөр насны хөвгүүн, ангийнхныхаа нүдэн дээр өөрийгөө буудаж зүрхэлсэн 17 настай япон жаал...

Гэвч би хайсан мэдрэмжээ олж чадаагүй. Олоогүйдээ ч бас баярласан. Миний олсон нэг зүйл гэвэл “Gloomy Sunday”. Энэ их сонирхолтой дуу аж. Резсо Сересс гэх этгээдийн 1938 онд зохиосон энэ дуу 100 гаруй хүнийг амиа хорлоход уруу татсан гэдэг.

Үүнийг “Унгарын амиа хорлолтын сүлд дуу” ч гэж нэрлэх нь бий. Өө рийн хайртай бүсгүйдээ дуугаа сонсгосны маргааш түүнийгээ амиа хорлосон гэдгийг сонссоноос хойш учир битүүлэг бүхэн эхэлсэн гэх. “Би энэ дууг хайраар өвчилсөн үедээ өөрийгөө үхлийн дунд зогсож байгаагаар мэдэрч зохиосон. Сэтгэл зүрхнийхээ бүхий л гунигийг шингээсэн нь миний алдаа болж” гэж Резсо Сересс мэдэгдэж байсан удаатай. Үүнээс харахад дуу хүртэл амиа хорлолтын шалтгаан болдог аж.

Хачирхалтай биш гэж үү. Энэ бүхнээс хэн амиа хорлодог вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Гэвч шинжлэх ухаан одоо болтол ямар хүн амиа хорлох магадлалтайг тогтоож чадаагүй байна. Зигмунд Фрэйд, Клеоп патра, Ханнибал, Адольф Гитлер, Винсент Ван Гог, Жек Лондон, Сократ, Элвис Прэсли, Мэрилэн Монро зэрэг нийгмийн элитүүдийн амиа хорлолт энэ бүхнийг бүр ч түвэгтэй болгодог.

Эр нөхөр нь нас эцэслэбэл тэнгэр дэх амьдралд нь хамт байхыг хүссэн эхнэр араас нь оддог хачин заншил одоо болтол Энэтхэгт бий. Эцсийн эцэст хэн ч амиа хорлож болно гэсэн хачин дүгнэлтэд хүргэж байна. Хэн амиа хорлох нь бус, сайн дураараа үхэхэд юу нөлөөлдөг гэдгийг тогтоох нь л хамгийн үр дүн тэй байх болов уу.

“ХЭРВЭЭ НЭГ Л ХҮН НАД РУУ ХАРЖ ИНЭЭМСЭГЛЭСЭН БОЛ”

Хаврын улиралд хүмүүс амиа хорлох нь нэмэгддэг гэдэг. Азаар одоо намар цаг. Гэвч дэлхийн хаа нэгтээ хавар ирж л байгаа. Гашуудлын 17 минутын хүрд эргэсэн хэвээр л. Хэрэв та хэзээ нэгэн цагт амиа хорлох тухай бодож байгаад больсон, эсвэл оролдлого тань бүтэлгүйтсэн бол тэр таны амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрийн нэг юм. Бусдыг ч бас ертөнцөөс хальтал нь залхаагаагүй бол таны амьдралын утга учир тэр. Амиа хорлох нь нийгмийн үзэгдэл.

Буруутан нь ганц хүн биш, масс тэр чигээрээ байдаг гэх. Тиймээс бусдын болон өөрийн амьдралыг үрэхгүйг, өөрийн тань амь зөвхөн өөрт чинь зориулагдсан бус гэдгийг ойлгоход л боллоо. Нэгэнт үхсэн хүний хувьд хүсээд ч олдохгүй алтан амь шүү дээ, энэ чинь.

1937 онд Сан Францискогийн “Golden Gate Bridge” баригдсанаас хойш 1200 гаруй хүн уг гүүрэн дээрээс үсэрч, амиа хорлосон гэдэг. Тэдний нэг нь гүүрний төмөр багана дээр эцсийн үгээ үлдээсэн нь “Би гүүрээр алхаж байна. Хэрвээ нэг л хүн над руу харж инээмсэглэвэл би хэзээ ч үсрэхгүй байсан”...

Ж.Тэгшжаргал